Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх мэдээллийн нэгдсэн систем

Нүб-ын аюулгүйн зөвлөлөөс
гаргасан хориг жагсаалт

УТНБЭ болон тэдгээрийн санхүүгийн байгууллагад учруулж болох эрсдэл

2020-04-06
  • 3340

Орчин үед дэлхий дахинд хууль бусаар олсон мөнгийг банк санхүүгийн байгууллагаар дамжуулан хууль ёсны мэт харагдуулах, улмаар тэр мөнгийг хууль бус үйлдэл, тэр тусмаа терроризмыг санхүүжүүлэхэд зарцуулж, үүнд нь төр нийгмийн зүтгэлтэн, улс төрч, нөлөө бүхий хүмүүс оролцох нь газар авах боллоо.

Египет, Тунис, Ливи Улсад болсон төрийн өндөр албан тушаалтны мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой улс төрийн үйл явдлаас үүдэн Politically Exposed Person буюу улс төрд нөлөө бүхий этгээд /УТНБЭ/-ийн санхүүгийн байгууллагад учруулж болох эрсдэл асар өндөр гэдгийг ойлгож эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор ийм төрлийн албан тушаалтны санхүүгийн үйлчилгээнд нэмэгдүүлсэн хяналт тавих болсон.

Олон улсын жишгийн дагуу Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд “УТНБЭ” гэсэн тусгай хяналт тавих субъектийг оруулж тэдний данс, гүйлгээнд байнгын хяналт тавих үүргийн бий болгосон.

“ӨЧИГДРИЙН НӨЛӨӨ БҮХИЙ ЭТГЭЭД – ӨНӨӨДРИЙН ГЭМТ ЭТГЭЭД”

Олон улсад болж буй улс төрийн үйл явдлууд банкируудыг тайван “зурам” хийх боломжийг олгодоггүй. Европын орнуудад 1970-аад онд эдийн засгийн гэмт хэргийн “сүнс” хэсүүчилж, 80-аад онд мөнгө угаах гэмт хэрэг “ад чөтгөр”-ийн үүргийг гүйцэтгэж, харин 90-ээд онд авилгын эсрэг загалмайтны аян дайныг эхлүүлсэн гэж үздэг.

Хөгжингүй улс ч гэлтгүй Монгол Улсын Авилгатай тэмцэх газарт шалгагдаж буй төрийн өндөр албан тушаал хашиж байсан зарим иргэдэд ч мөн Швейцарын банкинд данстай болохыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлж байсан.

Европын олон оронд гадаад, дотоодын төрийн өндөр албан тушаалтанд авилга, шан харамж өгөх, уг мөнгийг банк санхүүгийн байгууллагаар дамжуулсан нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэж, өндөр дүнтэй торгууль ногдуулдаг эрх зүйн зохицуулалттай. Үүнтэй ч холбоотой банкны дотоод хяналтын тогтолцоог хуульчилж, хяналтыг маш өндөр түвшинд байлгадаг. Энэхүү банк, санхүүгийн байгууллагын хяналтын тогтолцоонд зохицуулагч байгууллагаас онцгой анхаарал хандуулж зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, өндөр дүнтэй торгууль ногдуулах тогтолцоотой.

Хөгжингүй улс оронд банк, санхүүгийн үйл ажиллагаанд хамгийн өндөр эрсдэл учруулж болох этгээдэд төрийн өндөр албан тушаалтнуудыг хамруулж ойлгодог.

Хэрвээ банк, санхүүгийн байгууллагын харилцагч УТНБЭ бол ямар арга хэмжээ авах вэ? Египетийн Мубарак, Тунисийн Бен Али, Ливийн Кадафи нар бүгд л Швейцарын банкинд данстай.

Хөгжингүй улс ч гэлтгүй Монгол Улсын Авилгатай тэмцэх газарт шалгагдаж буй төрийн өндөр албан тушаал хашиж байсан зарим иргэд ч мөн Швейцарын банкинд данстай болохыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлж байсан. Тэгвэл ийм эрсдэлтэй харилцагчийг банк, санхүүгийн салбар огт бүртгэхгүй байх ёстой юу? Эргээд санхүүгийн байгууллага хууль тогтоомжид заасан тусгай хяналтыг хэрэгжүүлсэн ч тэдгээртэй холбоотой асуудал гарвал банк, санхүүгийн байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болохоор байна. Энэ нь олон улсад ч одоог хүртэл шийдэгдээгүй, байнгын асуулт дагуулж байдаг асуудлын нэг юм.

Монгол Улсын Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд мэдээлэх үүрэгтэй этгээд /Банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч, хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, нотариатч/ УТНБЭ-ийн нэр дээр хийсэн гүйлгээ, үйлчилгээнд тусгай хяналт тавих үүрэгтэй. Энэ нь уг гүйлгээний талаар нэмэлт мэдээлэл гаргуулах, гүйлгээ, бизнесийн харилцааны зорилго, мөн чанарыг боломжийн хүрээнд шалгаж, үр дүнг БИЧГЭЭР ХАДГАЛАХ-аар заасан байдаг.

УТНБЭ ГЭЖ ХЭН БЭ?

2000 онд Швейцарын банкны үндэсний комисс /Swiss Federal Banking Commission/-с Нигери Улсын Ерөнхийлөгч асан генерал Сани Абача болон түүний хамсаатнуудын талаарх тайланг нийтэлсэн. Тайланд генерал болон түүний хамсаатны мөнгө угаахтай холбоотой сэжигтэй гүйлгээг илрүүлж чадаагүй, мэдээлээгүй, шаардлагатай арга хэмжээ аваагүй санхүүгийн байгууллагын жагсаалтыг олон нийтэд ил болгосон. Энэ нь тухайн санхүүгийн байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй олон тооны харилцагчаа алдахад хүргэсэн юм.

Манай улсын хувьд одоогоор шүүхийн ийм практик тогтоогүй бөгөөд тэр ч бүү хэл мөнгө угаах гэмт хэрэгт ял шийтгэгдсэн тохиолдол бараг байхгүй.

Энэ явдлаас хойш Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /FATF/-с 2003 онд анх УТНБЭ-ийн тодорхойлолтыг гаргасан байдаг. Сүүлд 2012 онд өмнөх тодорхойлолтыг илүү дэлгэрүүлж УТНБЭ-ийг гадаадын, дотоодын, олон улсын байгууллагын, гэр бүлийн гишүүд эсхүл ойрын харилцаатай этгээд гэж 4 ангилсан.

Тэгвэл Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд “улс төрд нөлөө бүхий этгээд” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан этгээдийг ойлгохоор заасан байдаг. Энэ хуульд зааснаар 19 төрлийн албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээдийг УТНБЭ-д хамруулж үзэхээр байна. Үүнээс гадна илүү нарийвчилсан зохицуулалтыг Монголбанкны "Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам"-ын 6 дугаар зүйл болон Санхүүгийн мэдээллийн албаны "Улс төрд нөлөө бүхий этгээдийг тогтоох талаар мэдээлэх үүрэгтэй этгээдэд зориулсан гарын авлага"-д тусгасан байдаг.

Олон улсад банк, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага УТНБЭ-ийг харилцагчаар бүртгэх эсэхийг дээд шатны удирдлагын зөвшөөрлөөр шийдвэрлээд зогсохгүй цаашид банкны үйлчилгээ үзүүлэх эсэхийг мөн л жил бүр шийдвэрлэдэг байна. Ийм харилцагчийг бүртгэхэд харилцагчийг таньж мэдэх ажиллагааг нарийвчлан гүйцэтгэх шаардлагатай. Хэрвээ тухайн харилцагчийн өгсөн тайлбар, авах бүтээгдэхүүн, үйлчилгээг сэжигтэй гэж үзвэл нэн даруй Санхүүгийн мэдээллийн алба /Financial Intelligence Unit/-нд мэдэгдэх үүрэгтэй. Учир нь гадаадын зарим оронд харилцагчийн талаар мэдээлэхгүй бол харилцагчаар бүртгэсэн банк, санхүүгийн байгууллагын ажилтныг тусгай хяналтыг тавьж ажиллаагүй гэдэг үндэслэлээр мөнгө угаасан хэрэгт холбогдогч болох эрсдэлтэй. Гадаад улсад ийм тохиолдол цөөнгүй бий. Швейцарын Дээд шүүхээс УТНБЭ-ийн гүйлгээнд тусгай, нэмэгдүүлсэн хяналт тавиагүй гэдэг үндэслэлээр банкны ажилтанд хариуцлага хүлээлгэсэн тохиолдолд бий. Манай улсын хувьд одоогоор шүүхийн ийм практик тогтоогүй бөгөөд тэр ч бүү хэл мөнгө угаах гэмт хэрэгт ял шийтгэгдсэн тохиолдол бараг байхгүй гэхэд болохоор байна.

ЯМАР ХУГАЦААНД УТНБЭ ГЭЖ ҮЗЭХ ВЭ?

Тэгвэл тухайн төрийн өндөр албан тушаалтныг ямар хугацаанд “УТНБЭ” гэж үзэх вэ гэдэг асуулт үүсэж байна. Швейцарь Улсын хувьд одоо болон өмнө эрхэлж байсан хүнийг ямар нэг хугацаа заалгүй УТНБЭ гэж үздэг. АНУ-ын хувьд мөн адил хугацаа заадаггүй бөгөөд энэ нь тухайн этгээдийг амьд байх бүхий л хугацаанд УТНБЭ гэж үзэхээр байна.

Европын холбооны 2006/70/CE тоот удирдамжид тухайн эрхэлж буй албан тушаалыг харгалзан УТНБЭ гэж тооцох хугацааг нэг жил гэж заасан байдаг.

Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид УТНБЭ гэж тооцох хугацааг тодорхой зааж өгөөгүй. Монголын зарим хуульчид Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.3-т заасны дагуу “20.2-т заасан албан тушаалтан, түүнтэй хамаарал бүхий этгээд энэ зүйлд заасан үүргийг нийтийн албанаас чөлөөлөгдсөний дараа хоёр жилийн хугацаанд мөн биелүүлнэ.” гэж зааснаар түүний УТНБЭ байх хугацаа дуусгавар болно гэж тайлбарладаг. Гэвч зарим нэг хугацаа нь “нээлттэй тендер шалгаруулалтаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн хэрэгцээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авагч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй.” гэсэн үүрэгтэй холбоотой бөгөөд энэ нь УТНБЭ тооцох хугацааг хязгаарласан зүйл биш гэж тайлбарласан байна.

Жишээ болгон УТНБЭ-ийн мөнгө угаасан томоохон хэргүүдээс оруулав.

Индонез улсын Ерөнхийлөгч асан Сухарто. Олон улсын авилгын гэмт хэрэгтэй тэмцэх судалгааны байгууллага болох “Транспаренси интернэйшнэл”-ээс түүнийг хамгийн том авилгачийн жагсаалтад оруулсан. “Тайм” сэтгүүл түүний гэр бүлийн орлогыг 15 тэрбум ам.доллараар үнэлсэн байна. Энэ хөрөнгийнхөө 9 тэрбумыг нь Австри улсын банкинд хадгалуулсан байжээ.

Филиппин улсын Ерөнхийлөгч асан Фердинанд Маркос. Тэрбээр АНУ, Швейцарын банкуудаар дамжуулж эх орноосоо хулгайлсан тэрбум тэрбум долларыг угааж байсан. Түүний эхнэр 2500 хос гуталтай байсан гэдгээрээ алдаршиж байсан. Филиппин улсын хууль хяналтынхан дараа нь 7 тэрбум ам.долларыг буцааж авсан байна.

Нигери улсын Ерөнхийлөгч асан Сани Абача. Хамгийн ядуу улсын баян Ерөнхийлөгч гэгдэх Сани Абача нь Нигери Улсаас 8 тэрбум доллар хулгайлж гадаадын банкуудад байршуулсан. “Транспаренси интернэйшнэл” түүнийг орчин үеийн дэлхийн түүхэн дэх 4 дэх том авилгач гэж нэрлэсэн. Түүний хийсэн үйлдэл Нигер улсын үндэсний баялгийн 10 хувьтай дүйцэх бөгөөд Нигерийн Засгийн газар түүнийг нас барсны дараа 2 тэрбум долларыг нутагтаа буцааж авчирсан.

 

З.Эрдэм