Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх мэдээллийн нэгдсэн систем

Нүб-ын аюулгүйн зөвлөлөөс
гаргасан хориг жагсаалт

ФАТФ-ын чуулга уулзалт 2023 оны 6 дугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

2023-06-23
  • 278

Парис хотод зохион байгуулагдсан чуулга уулзалтад 200 гаруй орны төлөөлөгч, олон улсын байгууллагын ажиглагчид оролцов. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэхэд олон улсын хэмжээнд хамтын хариу арга хэмжээ авах нь нэн чухал юм. Үүнтэй холбоотой асуудлуудыг ФАТФ, ФАТФ-ын төрлийн бүс нутгийн байгууллагуудын дээд түвшний уулзалтаар хэлэлцэн, чуулга уулзалтаар холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

ОХУ-ын цэргийн халдлагаас үүдэн олон хүний амь нас хохирч, томоохон гарз хохирол үүсч байгаатай холбоотойгоор ФАТФ-ын зүгээс Украйны ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлэв. ОХУ-аас Украины эсрэг явуулж буй түрэмгийлэл нь дэлхийн санхүүгийн системийн аюулгүй, найдвартай, бүрэн бүтэн байдлыг дэмжих ФАТФ-ын зарчим, олон улсын хамтын ажиллагаанд харшилсаар байгаа тул ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

ФАТФ-аас 2022 оны 3 дугаар сараас хойш гаргасан мэдэгдлүүдийн дагуу олон улсын санхүүгийн системийг хамгаалах зорилгоор нийт улсууд ОХУ-ын эсрэг авч буй арга хэмжээг тойрох оролдлогоос үүдэн гарч буй бүх төрлийн эрсдэлээс сэргийлж, анхааралтай ажиллахыг сануулж байна.

ФАТФ-ын гишүүд виртуал хөрөнгө болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн талаарх ФАТФ-ын зөвлөмжийн хэрэгжилттэй холбоотой гарын авлагын нэмэлт өөрчлөлтийг нийтлэхээр шийдвэрлэлээ. Түүнчлэн ашгийн бус байгууллагуудыг терроризмыг санхүүжүүлэх зорилгоор зүй бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх ажлыг ахиулж, Зөвлөмж 8 болон сайн туршлагын талаарх шинэчилсэн баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийг олон нийтээр хэлэлцүүлэхээр болов.

Чуулганы үеэр иргэншил, оршин суух эрхийг урвуулан ашиглах, кибер залилантай холбоотой мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл, терроризмыг санхүүжүүлэхэд олон нийтээс хөрөнгө босгох краудфандинг ашиглах зэрэг төслүүдтэй холбоотой хийгдэж буй ажлын явцын талаар мэдээлэл хийлээ. Мөн гэмт хэргийн шинжтэй эд хөрөнгө, дүйцэх үнэ бүхий эд хөрөнгийг битүүмжлэх, царцаах, хураахтай холбоотой хууль эрх зүйн орчинг чангатгах зорилгоор Зөвлөмж 4 болон Зөвлөмж 38-д өөрчлөлт оруулах талаар хэлэлцэв.

Тус чуулга уулзалтаар Камерун, Хорват болон Вьетнам улсуудыг ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу “Саарал жагсаалт”-нд оруулсан байна.

2023 оны 6 дугаар сарын байдлаар ФАТФ-ын саарал жагсаалтад дараах улс орнууд байна. Үүнд:

  • Бүгд Найрамдах Албани Улс
  • Барбадос
  • Буркина Фасо
  • Камерун
  • Кеймэнн арлууд
  • Хорват
  • Бүгд Найрамдах Конго улс
  • Гибралтар
  • Хаити
  • Ямайка
  • Йорданы Хашемын Хаант Улс
  • Мали
  • Бүгд Найрамдах Мозамбик Улс
  • Нигер
  • Бүгд Найрамдах Панам Улс
  • Бүгд Найрамдах Филиппин Улс
  • Бүгд Найрамдах Сенегал Улс
  • Өмнөд Африк
  • Өмнөд Судан
  • Арабын Бүгд Найрамдах Сири Улс
  • Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улс
  • Бүгд Найрамдах Турк Улс
  • Уганда
  • Арабын Нэгдсэн Эмират Улс
  • Вьетнам
  • Бүгд Найрамдах Йемен Улс

 

Харин дараах улс орнууд ФАТФ-ын хар жагсаалтад байна. Үүнд:

 

  • Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс
  • Иран улс
  • Мьянмар улс

 

Та бүхэн хурлаас гарсан үр дүнтэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл энд дарж орно уу.