Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх мэдээллийн нэгдсэн систем

Нүб-ын аюулгүйн зөвлөлөөс
гаргасан хориг жагсаалт

САНХҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГ, ОФФШОР ДАНСНЫ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ОЛОН УЛСЫН ХЭРЭГСЭЛ

2020-04-08
  • 3597

Татварын гэмт хэрэгтэй тэмцэх АНУ-ын санаачилга

Улс орон бүр төсөвт орох татварын орлогыг нэмэгдүүлэх зорилготой бол харин татвар төлөгчид уг татварын дүнг аль болох бага байлгах эсвэл огт төлөхгүй байх сонирхолтой. Энэхүү хоёр эсрэг тэсрэг сонирхол хоорондоо зөрчилдөж улмаар иргэд татвараас зайлсхийх гэмт хэрэг үйлдэх, татварын таатай нөхцөлтэй улс оронд данс нээх аргыг эрэлхийлэх нөхцөл байдлыг бий болгодог.

АНУ-ын Засгийн газраас 2010 онд өөрийн иргэн, байгууллагын гадаад улсад үйл ажиллагаа явуулсан, гадаадад нээсэн дансаар дамжуулан олсон орлогод хяналт тавих, татвар авах улмаар татварын гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор Foreign Account Tax Compliance Act /FATCA/ хуулийг баталсан. Хууль батлагдаж АНУ-ын төрийн эрх бүхий байгууллага буюу Татварын байгууллага нь гадаад улсын Засгийн газар болон санхүүгийн байгууллагуудтай гэрээ байгуулж АНУ-ын харьяалалтай иргэн, байгууллагын дансдын талаарх мэдээллийг авч эхэлсэн.

АНУ-ын эрх бүхий байгууллагаас дээрх хуулийг дагаж мөрдөөгүй улс орны санхүүгийн байгууллагын ам.долларын гадаад төлбөр тооцоог дамжуулахгүй болохыг зарласан явдал нь бусад улс орны Засгийн газар болон санхүүгийн байгууллага гадаад төлбөр тооцоог гүйцэтгэхийн тул энэхүү хуулийг дагаж мөрдөхөөс өөр аргагүйд хүргэж хуулийг хэрэгжүүлэх нэг том хөшүүрэг болсон юм.

Хуулийг хэрэгжүүлэх үүрэг хүлээн гэрээ байгуулсан улс болон санхүүгийн байгууллагын тоо эрчимтэй өсөж байсныг олон улсын шинжээчид уг хуулийг “татвараас зайлсхийх гэмт хэрэгтэй тэмцэх амжилттай шийдэл болсон” хэмээн дүгнэсэн байдаг.

Монгол Улсын хувьд дээрх хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газраас ямар нэг арга хэмжээ аваагүй бөгөөд санхүүгийн байгууллагууд гадаад төлбөр тооцоогоо зогсоохгүйн тулд АНУ-ын татварын байгууллагатай бие даан гэрээ байгуулснаар өөрийн байгууллагад бүртгэлтэй АНУ-ын харилцагчийн мэдээллийг жил бүр тодорхой хугацаанд тайлагнадаг.

Санхүүгийн ил тод байдлын бэлгэдэл болох Common Reporting Standard /CRS/

Төд удалгүй их 20 /G20/-ын орнуудаас Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад /OECD/ санхүүгийн мэдээлэл дамжуулах нэгдсэн стандарт бий болгох талаар хүсэлт гаргасан. Улмаар 2014 онд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага АНУ-ын FATCA хуулийн загварыг ашиглан “Татварын асуудлаар харилцан туслалцаа үзүүлэх тухай конвенц” /Convention on Mutual Administrative Assistance in Tax Matters/-ийг боловсруулж баталсан.

Энэхүү конвенцод нэгдэж орсон улс орон нь бусад гишүүн улс орны иргэн, байгууллагын дансны мэдээллийг эрх бүхий байгууллагад нь дамжуулах буюу хүргэх үүрэг хүлээх юм. Ингэснээр гадаад улсад данс эзэмшдэг иргэн, байгууллагын “нууц данс” ил болно гэсэн үг. Уг шийдлийг “Common Reporting Standard” буюу CRS гэж нэрлэсэн.

Уг нь CRS нь хэнд ч гэмгүй гуравхан үсэг боловч яг энэ гурван үсэг дэлхийн банк, санхүүгийн салбарт хамгийн том өөрчлөлтийг оруулахаар байна. 2020 оны байдлаар уг конвенцод ОХУ, Бразил, Хятад, Монако, Сингапур, Швейцар, Турк, Япон гэх мэт дэлхийн 136 улс нэгдэж иргэн, байгууллагын мэдээллийг солилцохоор болсон байна. Тэр ч бүү хэл 2016 онд “Panama papers” дуулиантай холбоотой Панам Улс хүртэл энэхүү конвенцод нэгдэн орж 2018 оны 9 дүгээр сараас эхлэн тус улсын санхүүгийн байгууллагад данс эзэмшиж буй гадаад улсын иргэн, байгууллагын мэдээллийг дамжуулах болсон. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар алдартай оффшор бүс хүртэл энэхүү Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын татварын ил тод байдлын тогтолцоог хүлээн зөвшөөрч байгааг харуулах зорилгоор “Panama papers” –ийг задалсан гэж үздэг.

CRS хэрхэн ажилладаг вэ?

CRS нь нэгдсэн стандартаар мэдээлэл солилцох систем юм. Ихэнх тохиолдолд улс орны татварын байгууллагаар дамжуулан тухайн улсын иргэн, байгууллагын талаарх дараах мэдээллийг илгээнэ. Үүнд:

  1. Гадаад улсын иргэн, байгууллагын овог нэр, төрсөн/байгуулагдсан огноо, төрсөн газар, хаяг, татвар төлөгчийн дугаар;
  2. Дансны дугаар;
  3. Мэдээлэл дамжуулсан санхүүгийн байгууллагын нэр болон тус байгууллагыг тодорхойлох дугаар;
  4. Дансны үлдэгдэл буюу тайлагнах жилийн эцсийн үлдэгдэл. Хэрэв данс нь хаагдсан бол данс хаах үеийн үлдэгдэл.

CRS-р мэдээлэл дамжуулах процессыг уг конвенцод нэгдсэн, мэдээлэл дамжуулж буй Хятад, Панам улсын жишээн дээр харуулбал:

CRS-д нэгдсэн улс орон:

2020 оны II сарын байдлаар конвенцод нэгдэж банкан дах дансны мэдээллийг “ил тод” болгосон 136 улс орны жагсаалтыг дараах холбоосоор үзэх боломжтой “https://www.oecd.org/tax/exchange-of-tax-information/Status_of_convention.pdf”.

Монгол Улс ба CRS

Европын Холбоо манай улсын татварын орчны ил тод байдал, татварын хувь хэмжээ, чадварыг үнэлж Европын Холбооны татварын стандарттай нийцэмж муутай гэж үзэж 2017 онд “хар жагсаалт”-д оруулсан.

Гэсэн хэдий ч 2018 онд болсон Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын Зөвлөлийн хуралдаанаар татварын асуудлаарх сайн засаглалын зарчмуудыг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх үүргийг хүлээснээр энэхүү хар жагсаалтаас гарсан. Эдгээр үүргийн хүрээнд Монгол Улс CRS-д нэгдэх асуудал хөндөгдсөн ч байж болох. Магадгүй уг конвенод нэгдэж, гадаад улс дахь өөрийн иргэдийн мэдээ мэдээллийг дээрх жишгээр хүлээн авах нь санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэхэд том түлхэц үзүүлэх болов уу гэж миний бие үзэж байна.

 

З.Эрдэм